• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ҮЕР УСНЫ ГАМШГЫН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

2019-06-25

Урин дулааны улиралтай холбоотой бороо их хэмжээгээр орсноос хүнсний аюулгүй байдал алдагдах, хүн, малын халдварт өвчин тархах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хоол, хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд ЗӨВЛӨЖ байна. Үүнд:

Хүнсний аюулгүй байдлыг хангах хангах чиглэлээр:

1. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага иргэд үерийн улмаас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, сав баглаа боодол бохирдохоос урьдчилан сэргийлж ус орж болзошгүй ажлын байранд хамгаалалт хийх, зоорийн давхарт хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хадгалахгүй байх, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг 1 метрээс доошгүй өндөрт хурааж, сав баглаа боодлын битүүмжлэлийг шалгаж бүрэн бүтэн байдлыг хангах;

2. Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын болон хүнсний бүтээгдэхүүн үер усанд автан бохирлогдсон, өнгө өөрчлөгдсөн, эвдэрч хэмхэрсэн, гэмтсэн бол хэрэглэх, худалдаалахыг хориглох;

3. Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн сав суулга, баглаа, боодолтой байсан хэдийч үерт автсан нөхцөлд огт хэрэглэхгүй устгах;

4. Бага насны хүүхдийн угж, аяга сав зэрэг бүтээгдэхүүн үерт автан бохирлогдсон бол хэрэглээнээс хасч устгах;

5. Угааж, ариутгаж болох гадаргуу бүхий хүнсний зориулалтын сав, суулга, аяга тавгийг цэвэрлэхдээ 4 үе шатаар цэвэрлэх /цэвэр усаар зайлж, угаалгын бодисоор угаах, сайтар хатаах, хүнсний зориулалтын ариутгалын бодист 1 минутаас багагүй хугацаагаар байлгаж, ариутгах, дахин цэвэр усаар сайтар зайлж хатаах/;

6. Модон болон ус, үнэр, амт шингээх материалаар хийсэн хүнсний зориулалтын сав, суулга, халбага, сэрээ, аяга, хутгуур, гамбанз, зэргийг аадрын болон шар усны үерт автсан нөхцөлд дахин ашиглахгүй устгах;

7. Үер усанд автсан нөхцөлд ажлын байр, гэр орны угаалга цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, гарын ариун цэврийг сайтар сахих, гараа тогтмол савандаж угаах;

Хөдөө аж ахуй, газар тариаланг хамгаалах чиглэлээр:

1. Малчид мал, тэжээвэр амьтдыг байнгын хариулга, маллагаатай байлгах;

2. Өвөл хаврын улиралд зүй бусаар хорогдсон малын сэг, зэм, тоног хэрэгсэл, хашаа саравч, өтөг буц, уст цэг, бохирлогдсон малчдын гэр орон, эд хогшил, хөрсний халдваргүйтгэлийг зааврын дагуу мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэх;

3. Үер, усны болон гамшгийн улмаас үхэж хорогдсон мал, амьтдын хүүр, сэг зэмийг түргэн хугацаанд энгэр, өндөрлөг газар булж устгах, байршлыг мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагаар тогтоолгон тэмдэглэх;

4. Мал, амьтдыг нэг бүрчлэн эрүүл мэндийн үзлэгт хамруулж, өвчилсөн тохиолдолд мал эмнэлэг, малын эмчтэй яаралтай холбогдож арга хэмжээг авах;

5. Мал төллөж байгаатай холбогдуулан эх малын хагыг цуглуулж шатаах, булах, малаас хүнд халдварт өвчин дамжин халдварлахаас урьдчилан сэргийлэх;

6. Үерт автаж болзошгүй хүн, мал, тэжээвэр амьтдын судалгааг орон нутгийн төрийн захиргааны байгууллагаар нарийвчлан гаргуулж хяналтанд авах;

7. Төмс хүнсний ногоо тариалсан талбайг үер уснаас хамгаалан үерийн хамгаалалт болох далан шуудуу барих;

8. Үр тариа, төмс хүнсний ногоо тариалсан аж ахуйн нэгж, иргэд аадрын болон шар усны үертэй, цаг агаарын аюултай нөхцөл байдалтай үед талбайдаа ургамал хамгаалах бодис, бордоо хэрэглэхийг түр хугацаагаар зогсоож орчны хөрс, ус бохирдохоос сэргийлэх. 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

2019 он