• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

МЕНИНГИТИЙН ХАЛДВАР

2019-02-02

МЕНИНГИТИЙН ХАЛДВАР БА ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Менингококкт халдварын явц маш хурдан бөгөөд хэдхэн цагийн дотор нас барах тохиолдол ч гардаг.

Харин эцэг эхчүүд өвчний талаар мэдлэг дутмагаас болж улаан бурхан, салхин цэцэг зэрэг тууралт өгдөг өвчинтэй андуурч эмнэлгийн байгууллагад яаралтай хандалгүй цаг алдаж байна. Тууралт гарсан тохиолдол бүрт эмнэлгийн байгууллагадэхлэн хандаж, үйлчлүүлэх шаардлагатай. Менингит туссан үед өндөр халуурах, олон удаа бөөлжих шинж илрэхэд хоолны хордлого, тархины доргилт гэх мэтээр андуурч эмчилгээг буруу хийснээс хүндрэх нь олонтаа.

Менингококкын халдварнь Niesseria meningitidis нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт өвчин. Арьсан дээрх өвөрмөц, зөв биш хэлбэртэй, хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг.

Халдварлах зам: агаар дуслын замаар өвчтэй хүнээс эрүүл хүнд халдварладаг.

Нууц хугацаа нь 6-7 хоног ба өвчний эхний өдрөөс эхлэн бусдад халдварлах боломжтой. Менингококкын халдвараар 19 хүртэлх насны хүмүүс, түүний дотроос 6 сараас 3 хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилнө.

Илрэх шинж тэмдэг:

- 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурч, хоол унданд дургүйцэх, бие сулрах, дотор муухайрах, уур уцаартай цочромхой эсвэл ноомой болох, царай цонхийх;

- Бага насны хүүхдэд гэдсээр өвдөх, 1-2 удаа шингэн суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжээр эхэлж, 1-2 хоногт эмнэл зүйн сонгомол шинжүүд тод илэрнэ;

- Менингококкт хамар залгиурын үрэвслээр өвчилсөн үед залгиур хоолойн арын хана маш улайсан, хөөсөн, хамар битүүрсэн бронхитын шинж илэрнэ;

- Хөнгөн явцтай үед улаанбурханы тууралттай төстэй гүвдрүүт тууралт бүх биеэр гарах бөгөөд тэдгээрийн аль нэг нь дотроосоо цусархаг шинжтэй болсон байна. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 4-12 цагийн дотор ихэвчлэн хөл, гуяар гарна.

МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД:

- Гараа тогтмол угаах;

- Өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, агааржуулах;

- Биеийн дархлааг сайжруулах;

- Илчлэг ихтэй, тэжээллэг хоол хүнс хэрэглэх;

- Спортоор хичээллэж биеэ чийрэгжүүлэх;

- Идэж уух зүйлээ хувааж хэрэглэхгүй байх;

- Хүн олноор цуглардаг газар, нийтийн арга хэмжээнд бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх;

- Уруулын будаг, шүдний сойз зэргийг дамжуулан хэрэглэхгүй байх;

- Тамхи хувааж татахгүй байх;

- Бал, харандааны үзүүрийг амандаа хийхгүй байх;

- Бага насны хүүхдээ хооллохдоо угж, халбагыг шүлсдэхгүй, амаараа дамжуулахгүй байх;

- Өвчний анхны шинж тэмдэг ханиад томуугийн үед илрэх шинж тэмдэгтэй ижил байдаг учир эцэг эхчүүд хүүхдээ эмчийн хяналтанд байлгах шаардлагатай.

Менингококкт халдварын эхний шинж тэмдэг илэрсэн, ялангуяа цусархаг тууралт гарсан тохиолдолд яаралтай түргэн тусламж дуудаж, өвчтнийг маш түргэн эмнэлэгт хүргэж тусгаарлах шаардлагатайг анхаарна уу.